“Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь-Британника хамгийн шинэ мэдээлэлтэй, хамгийн сайн толь”

Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон 4500 орчим өгүүлэлтэй, 400 гаруй гар зураг бүхий “Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь Британника” саяхан уншигчдад хүрсэн. Тус бүтээлийг Nepko kids компани эрхлэн гаргасан юм. Хүүхдийн номын ертөнцөд “өнгө” нэмж буй “Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь Британника”-гийн талаар Нэпко Кидс компанийн Гүйцэтгэх захирал Б.Энхжаргал, тус нэвтэрхий толийн Тэргүүлэх редактор Б.Нэргүй, Д.Хүрэлхүү нартай ярилцлаа.

-Анх 2010 онд Нэпко компани Британника толийг монгол хэлээр  орчуулж, баяжуулан үндэсний агуулга бүхий бүтээл болгож байсан.  Харин 2021 онд тус бүтээлийг шинэчлээд зогсохгүй “Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь Британника”-г гаргасан байна. Энэ талаар нь яриагаа эхэлье?

Nepko kids компанийн тэргүүлэх редактор Б.Нэргүй

-2010 онд Нэпко компани Британника толийг монгол хэлээр  орчуулж, баяжуулан гаргаж байсан. Үүнээс 10 жилийн дараа буюу өнгөрсөн оны зургадугаар сард шинэчиллээ. Мөн тэндээсээ хүүхэд, залуучуудад зориулсан сэдвүүдээ сонгоод, “Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь Британника”-г гаргасан.

-Британникаг орчуулж, бүтээл болгох эрхийг анх 2006 онд аваад, 3-4 жил ажилласны эцэст уншигчдад хүргэж байсан шүү дээ. “Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь Британника”-г гаргахад хэдий хугацаа зарцуулсан бэ. Нөр их ажил байсан болов уу? 

Nepko kids компанийн тэргүүлэх редактор Б.Нэргүй

-Британникагийн суурь мэдээллийн бааз дээр ажилласан учир харьцангуй гайгүй байсан. Гэхдээ өмнөх 12 ботид ороогүй сэдэв, агуулга олон бий. Түүнчлэн үг, найруулга, агуулга, хэллэгийг хүүхдэд ойлгомжтой болгоход анхаарч ажилласан. Товч, оновчтой мэдээлэл тусгахыг чухалчилсан. Улмаар есөн сарын хугацаанд боловсруулсан. 12 боть Британника дээр 30 гаруй мянган толгой үг бий. Тэндээс хамгийн оновчтойг нь шигшээд, 4500 толгой үгийг “Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь Британника”-д багтаасан. Мөн хүүхдэд сонирхолтой, өгөөжтэй байлгах зорилгоор шинэ сэдэв болон агуулгуудыг нэмсэн.

-12 боть Британника дээр 200 орчим орчуулагч ажилласан байх аа. “Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь Британника” хэчнээн хүний хөдөлмөрөөр бий болсон бэ?

Nepko kids компанийн гүйцэтгэх захирал Б.Энхжаргал 

-Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь Британника”-г эрхлэн гаргах үйл ажиллагаа сүүлийн 1 жилд бол манай Нэпко компани болон Нэпко Кидс хоёр компанийн хамтарсан маш том төсөл боллоо. Үүнд агуулгын болон ложистикийн олон ажил багтдаг. Үндсэн редакторуудаас гадна зураач, дизайнер, редакцын болон төслийн баг бүрэлдэхүүн гээд 20 гаруй хүн ажилласан. Харин Нэпко компаниас гаргасан Британника толь дээр 200 гаруй хүн ажилласан байдаг. Тэрхүү мэдээллийн баазаас сонгосон гэдэг утгаараа маш олон хүний хөдөлмөр шингэсэн бүтээл.  Олон салбарын төрөл бүрийн сэдэв, агуулга багтдаг учир салбар бүрийн мэргэжилтнүүд хамтран ажиллах шаардлагатай байдаг.

-“Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь Британника”-гийн ач холбогдлын талаар үргэлжлүүлэн ярилцья?

Nepko kids компанийн тэргүүлэх редактор Б.Нэргүй

-Хүмүүс интернетээс хайгаад олох боломжтой мэдээллийг ном болгох шаардлага байна уу гэж хандах нь бий. Гэхдээ цахим орчинд маш олон мэдээлэл шүүлтүүргүй байршдаг. Харин Британника бол тухайн хүргэх гэж буй ойлголтоо хамгийн оновчтой, товч байдлаар багтааж чаддаг гэдгээрээ онцлог. 200 гаруй жилийн түүхтэй, батлагдсан, үнэн, хөдөлшгүй агуулгатай гэдэг нь нэн чухал ач холбогдол. Түүнчлэн үсгийн дарааллаар мэдээллийг эрэмбэлсэн, цаасан хэвлэл учир хүүхэд номтой харилцаж сурах ач холбогдолтой. 

Nepko kids компанийн тэргүүлэх редактор Д.Хүрэлхүү

-Хүмүүс цахим орчноос мэдээлэл л авдаг. Харин номоос мэдлэг олж авна. Жишээлж хэлбэл, баавгай гээд цахим орчноос хайхад үнэн, худлаа төрөл бүрийн мэдээлэл гарч ирнэ. Харин “Хүүхэд,  залуучуудын нэвтэрхий толь Британника”-д хамгийн оновчтой, үнэн зөв, суурь мэдлэг болохуйц байдлаар  мэдээллийг баавгайны тухай юуг мэдэж байхыг чухалчлан мэдээлэл боловсруулагддаг. Ном буюу цаасан хэвлэл гэдэг өөрөө сүнслэг эд. Ном уншиж байхад хүүхдүүд номтой харилцаж сурахын зэрэгцээ мэдлэг авч байгаа гэдэг нь тэрхүү холбооны амин сүнс болдог л доо. Товчхондоо хүмүүс интернэтээс “мэдээлэл” аваад түүнийгээ маргааш нь мартчихдаг бол харин номоос “мэдлэг” авч насан туршийн өв болж байгаа юм. Британникагийн болон номын зорилго энд л оршоод байна гэж харж байна. 

-Номын дэлгүүрт төрөл бүрийн Нэвтэрхий толь худалдаалагдаж байна. Нэпкогийн гаргасан Британника тэдгээрээс юугаараа онцлогтой вэ? 

Nepko kids компанийн гүйцэтгэх захирал Б.Энхжаргал 

-“Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь Британника”-д  нийт 4500 толгой үг, 400 гаруй гар зургаас бүрдсэн. Агуулгын хувьд одон гараг, байгалийн шинжлэл, түүхэн үйл явдал, улс, хот, танин мэдэхүй, алдар цуутнууд, амьтан, ургамал, газар зүй, уран барилга, гүн ухаан, оньсон техник, хүн төрөлхтний томоохон ололт амжилт, шинжлэх ухааны нээлт бүтээл, монгол ёс заншил, нүүдэлчин ахуй, үлгэр домог, өвөг дээдэс, ёс зүй зэрэг монгол хүүхэд бүрийн эзэмшвэл зохих мэдлэгийн хүрээг хамарч, хамгийн суурь ойлголтуудыг багтааснаараа нэн ач холбогдолтой бүтээл юм. Түүнчлэн Нэвтэрхий толины олон улсын стандартаар гаргасан гэдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл, Чингис хааны тухай ч, Цэцгээ гуайн тухай ч адилхан хэмжээтэй, хамгийн чухал гэсэн мэдээллийг олон улсад мөрддөг стандартаар бэлтгэж, боловсруулдаг. Одоогийн байдлаар монголд хамгийн сүүлд гарсан, хамгийн шинэ мэдээлэлтэй, хамгийн сайн хүүхэд залуучуудын толь энэ байх гэж бодож байна. Танин мэдэхүйн ойлголтыг багтаахаас гадна асуудал бэрхшээл тулгарсан хүүхэд, гэр бүл тусламж дэмжлэг авах байгууллагуудаа мэддэг байгаасай хэмээн хүсэж хүүхэд, залуучуудын эрх, оролцоо, хөгжил, хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллагуудын мэдээллийг оруулж өгсөн. 

Nepko kids компанийн тэргүүлэх редактор Д.Хүрэлхүү

-Британника 244 жилийн турш яагаад хамгийн олон удаа хэвлэгдсэн, дэлхийн шилдэг нэвтэрхий толь болсон бэ гэхээр тасралтгүй шинэчлэгдэж, дэлхийн түүхийн өөрчлөлт, шинэчлэлтийг соргогоор тусгаж чаддагаараа давуу талтай. Нэг ёсондоо дэлхийн түүхийн өв гэж хэлж болно. 2010 онд бид гаргаж байснаас энэ онд эрхлэн гаргахад олон өөрчлөлт болсон нь харагдаж байна. Дэлхийд нөлөө бүхий эрхмүүд төрж, зарим нь насан эцэслэж, шинэ улс, нийслэл байгуулагдаж байгаа энэхүү үйл явдлуудыг гэрчилж үлдээж байгаагаараа онцлог юм. 200 гаруй жил боловсрох хугацаандаа мэдлэгийг системчилж буй хэрэг. Номондоо шинээр нэмж буй монгол мэдээллийг ч бид олон улсын жишигт нийцүүлж шигтгэдэг. 

Nepko kids компанийн гүйцэтгэх захирал Б.Энхжаргал 

-Манай Нэпко Кидс хүүхдийн номын хэвлэлийн газар хүүхдэд зориулсан контентийг улам чанаржуулахад хувь нэмрээ оруулах зорилготой. Иймдээ ч монгол хүүхдийн зохиолч, зураачдын нилээд өргөн бүрэлдэхүүнтэй хамтран ажилладаг. Номын бас нэг онцлог нь зураг чимэглэл нь бүгд гараар зурагдсан. Зураач М.Болортуяа, Б.Цолмонбаяр нар маань зураг бүрийг сэтгэлээ шингээн маш сайхан бүтээлүүд урлаж өгсөн. 

-Бүх зургийг гараар зурсан гэхээр сонирхолтой санагдаж байна. Номонд нийт хэчнээн зураг багтсан бэ. Мөн зургийн сонголтын талаар ярилцья? 

Nepko kids компанийн захирал Б.Энхжаргал 

-“Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь Британника”-д  нийт 4500 толгой үг, 400 гаруй зураг бий. Сонголтын тухайд, хүүхдүүд төдийлөн хараагүй, тэр бүр мэддэггүй сэдвийг онцолж, зурагжуулсан. 4500 толгой үг, 4500 зураг байх боломжгүй шүү дээ. Тиймээс аль сэдвийг зурагжуулах дээр бас судалж, ажилладаг. Агуулгын хүрээний бүхий л үйл ажиллагааг манай Ерөнхий редактор Б.Оюунчимэг маань ахлан ажиллаж энэ бүтээл төрлөө. 

-Британникад орсон хүмүүсийн сонголт сонирхол татаж байна. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

Nepko kids компанийн тэргүүлэх редактор Б.Нэргүй

-Дэлхийн танигдсан, алдартай хүмүүсийг аль ч насны хүүхэд мэдэх нь зүй гэж үзээд оруулсан. Түүнчлэн Монголын бүх хаадын түүх, намтар бий. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдуудыг нэрлэсэн. Нийгэмд сайн нөлөө үзүүлдэг олны танил эрхэм ч багтсан байгаа.  Ер нь тухайн хүний намтрыг уншихад тэр хүн энэ толинд орох шалгуурыг давсан нь анзаарагдана. 

Ярилцсанд баярлалаа.